Wednesday, March 21, 2012

ЛУУНЫ ЯСНЫ ЭРЭЛД

      Нэгэн үе дэлхийг донсолгож байгаад нам гүм болж, ХХ зууны эх гэхэд бараг мартагдсан Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан үйл явдал бол манай говиос олдсон палеонтологийн нэн чухал олдворууд юм.
Тал нутгийн нүүдэлчид хур бороо, салхинд идэгдсэн эрэг гуу, жалганаас аварга том амьтны яс гарч ирэхийг нэг бус удаа хардаг бөгөөд түүнийг дорно дахины ард түмнүүдийн дунд түгээмэл байдаг домгийн амьтан болох лууны яс гэж үздэг байлаа. Өдгөө говийн сумдын орон нутгийн судлах музейд палеонтологийн ховор нандин үзмэр бүхий тасаг байх нь элбэг.Чухамхүү тэдгээрийг эрт дээр цагт манай гариг дээр амьдарч байгаад мөхсөн үлэг гүрвэлийнх болохыг тогтоож, палеонтологийн ухааныг баяжуулсан хүн бол америкийн эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс билээ.
 Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Америкийн байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийн нэг, хоёрдугаар экспедицийг удирдан хятадын зарим муж, Өвөрмонголд ажиллан баялаг туршлага хуримтлуулсан судлаач байв.Төв Азийн гуравдугаар экспедици 1922 оны хавар тэр үед зөвлөлтийн нөлөөн дор хувьсгал хийж, тусгаар тогтнолоо зарлаад байсан Монголын нийслэл болох "Нийслэл Хүрээ"-г зорьжээ.
Төв Азийн гуравдугаар экспедицийн удирдагч Р.Ч.Эндрюс 1922 оны тавдугаар сард тэр үеийн Монгол улсын удирдагчид ба одоогийн Шинжлэх ухааны академийн үндэс болсон "Судар бичгийн хүрээлэн"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.Монголын засгийн газар Судар бичгийн хүрээлэнг төлөөлөн Цогт Бадамжав хэмээх хүн тэдэнтэй хамтран ажиллах болжээ. Энэ хүн нь өмнө нь Ноён ууланд археологийн малтлага амжилттай хийж байсан Козловын экспедицид ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.Ноён уулнаас Хүннүгийн үеийн ширдэг, ваар, сав зэрэг ховор олдвор гарсны зарим нь одоо ч Улаанбаатар дахь Үндэсний түүхийн музейн гол үзмэрийн нэг болж байна.
Козловын энэ экспедицэд дадлагажих оюутнаар ажиллаж байсан А.Симуков хожмоо нэртэй судлаач болж шинэ Монгол улсын анхны боловсронгуй газрын зургийг үйлдсэн байдаг.1921-1924 он бол Монгол орон зөвлөлтүүдийн тусламжаар тусгаар тогтнолоо зарласан боловч зарим нэг бодлогыг ялангуяа дотооддоо бие даан явуулдаг, хэмжээт эрхт хэмээн зарласан боловч Богд эзэн хаан нь ширээндээ суусан хэвээр, хүрээ болон бусад газарт Америк, Швед, болон хятадын оросын пүүсүүд эрх тэгш үйл ажиллагаа явуулсан, Данийн фермерүүд хөдөө нутагт энэ төрлийн аж ахуй байгуулах туршилт хийж байсан зурвас үе юм.Р.Эндрюсын экспедици тэр жилээ өнөөгийн Баянхонгор аймгийн нутаг Бөөн цагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арцбогд, Баянзаг зэрэг газруудад малтлага хийж хирс маягийн аварга гүрвэл (baluchitherium), тоть хошуут үлэг гүрвэл (psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ.
 1923 онд Төв Азийн гуравдугаар багийнхан дэлхийг шуугиулсан олдворыг Баянзагаас олж нээжээ.
 Тэр нь тус экспедицийн палеонтологч Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндөг байв. Энэ цаг мөчөөс хойш үлэг гүрвэл өндөг гаргадаг байжээ гэдгийг мэдэж авсан юм. Энэ мэдлэг өнөөдөр сургуулийн бага дунд насныхны мэддэг зүйлсийн аймагт багтжээ. Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олж нээсэн байна. Овираптор (Oviraptor) нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ.
Гайхамшигт амжилтандаа урам зориг орсон Р.Эндрюс ба түүний багийнхан 1924 онд ажиллаж чадаагүй ба 1925 онд Монгол дахь ажлаа дуусган нутаг буцжээ.1924 онд Монгол улс Бүгд найрамдах улс болсноо тунхаглаж Үндсэн хуулиа баталсан ба нэгэнт насан өөд болсон эзэн хаан 8-р Богд Жавзандамбыг төр ба шашны хүрээнд эргүүлэн тодруулахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна.Энэ хэрээрээ зөвлөлтийн нөлөө улам их болж монголын засгийн газар зөвхөн тэдний даалгаврыг гүйцэтгэх ажил хийх болов. Зөвлөлтийнхөөс бусад гадаадын экспедици, худалдааны пүүсүүдийг хөөн гаргалаа.Тэр үед Монголд байсан Шведийн худалдаачин Ларсен, Хөвсгөлд фермерийн аж ахуй байгуулж байсан Данийн харьяат Ове Кревс гээд олон арван гадаадынхан мөн Монголоос явсан билээ...

No comments:

Post a Comment