БАТ СҮБЭДЭЙ ДОРНОД ЕВРОПТ
Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.
Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга үүдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.
1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.
Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.
Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.
Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.
Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.
Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.
Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.
Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Оросуудын хувьд Европын халдлагаас аврагдаж, үндэстэн даяараа нэгдэж, хүчирхэгжихийн эхлэл энд цаг үеэс эхлэлтэй.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.
Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.
Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгүйгээр зөвхөн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хүчийг устгасан гэдэг.
Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.
Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг түүхэнд “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.
Нийтэлсэн : Даваасүрэн
ГАЛДАН БОШИГТ
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын (Дөрвөн Ойрад хэмээх нэр томъёо нь Цорос буюу Өөлд (Урианхай) зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаархөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатдынх нь тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавьоруулсан байна. Тэр Түвдэд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.
Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав. Энэ Сэнгэ болГалдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн тайж, Зодов баатар нархунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Түвдэд суулгаад, нөгөөд нь хан ороо залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Түвдээс дуудаж хан ор суулгасан нь ч энэ учир жанцангийн нэгэн хэсэг биз ээ.
Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож, тархай бутархай баруун монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хотууд атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.
Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм.Орос, Хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл Ойрд, Халх хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин ухаатай хүн байлаа. Тэр Ойрадоос хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин Улс, Түвдийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.
Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийнгурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн манж, монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.
Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.
ЗҮҮН ГАРЫН ХААНТ УЛС
1750 оны үеийн Зүүнгарын хаант улс
Зүүнгарын хаант улс нь Монгол үндэстэн байгуулсан дэлхийн сүүлчийн нүүдэлчин эзэнт гүрэн юм. цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг хүртэл, одоогийн Кыргызстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.
1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеээс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байв[1]. 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хан цол хүртсэн үеэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байсан ажээ.
Түүх
Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хаан хүү Зүчиэр удирдуулсан цэрэг илгээж ойн иргэдийг дагуулах гэсэн боловч Ойрадын ноён Худуга Бэхи Ойрадуудаа дагуулан угтан ирж Их Монгол улсад нэгдсэн юм. Ийм учраас Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас Дөрвөн Ойрад гэдэг нэр гарчээ. Үүний дараа ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Чингисийн угсааны Монгол хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. XV-XVI зууны үед Ойрадууд дахин баруун тийш нүүдэллэн Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами, Ордосын баруун хойгуур очиж суурьшсан юм. Тэд Дөрвөн Ойрадын чуулган гэдэг эрх барих зөвлөлдөх дээд байгууллага байгуулж даргаар нь Бүүвэй Мирз, дараа нь Байбагас нар ажиллаж байжээ.
Дотоод зөрчил
Цаг агаарын бэрхшээл зэргээс болж Дөрвөн Ойрадын Торгууд, Дөрвөдийн зарим нь баруун хойш цаашлан нүүж Ижил мөрөнд, Хошууд нар нь Төвд, Хөх нуурт очиж нутаглажээ. Ижил мөрөнд очигсдыг уугуул ойр хавийнхан нь яваандаа Халимаг гэгдэх болсон юм. Гадагш нүүж одолгүй үлдэгсдийн олон нь Цорос овогтнууд байлаа. Тэдний нөлөө Ойрадуудын дунд өсөж эрх барих овог болсон үе байдаг. Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” одоогийн Тачван хот гэдэг газар Монгол ноёдын чуулган хийхийг санаачилжээ. Энэ чуулганд Халх болон Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар Хунтайж, Хөндлөн Уваш Гүүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгуудын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон юм. Энэ чуулганаар Дөчин дөрөв хоёрын “Их цааз” гэдэг 120 зүйл бүхий хууль батлав. Энэхүү Их цаазын гол үзэл санаа нь: - Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд:
1. Манжийн эзлэн түрэмгийлэх аюулын эсрэг тэмцэх явдал бол хүн амын нийт давхарааны үүрэг хариуцлага болгох
2. Шарын шашныг улсын шашин болгон хуульчилж шашны нөлөөн дор Монгол овогтны эв нэгдлийг бэхжүүлэх
3. Том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ төвлөрүүлэх зэрэг гол асуудлуудыг хуульчилж өгсөн юм.
Монгол овогтны улс төрийн нэгдлийг сэргээх энэ чуулганы шийдвэр Эрдэнэбаатар хун тайж Ойрадын шарын шашны тэргүүн Зая Бандид Намхайжамц нарын хүчин чармайлтаар Ойрад нутагт зохих үр дүнд хүрч Ойрадын дотоод зөрчил зогсож аж ахуйн байдал нь сайжирч Орос Казактай холбоо харилцаа тогтоожээ. Гэтэл 1671 онд Эрдэнэбаатар хун тайжийг түүний Торгууд хатан Юм Агасаас төрсөн Сэнгэ залгамжилах байсныг хун тайжийн Хиргис хатан Дара Балжаас төрсөн хүү Цэцэн, Зодов хоёр эвсэж хороосон байна. Энэ тухай мэдээг Юм Агас хатан Төвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан хүү Галдандаа хүргэж яаралтай ир хэмээн дуудсан байна. Галдан(1644-1697) улааны шашны сахил санваараа Далай багшдаа буцааж өгөөд нутагтаа ирж, Алдар хошууч, Данзан нарын туслалцааг авч хуйвалдагчийн эсрэг тэмцэхдээ Ойрадын чуулган дарга Очирт Сэцэн (Хошууд аймгийн хүн)-ий дэмжлэгийг авсан байна. Очирт Сэцэн хааны охин Ануг Галдан хатан болгон авч худ ургийг ойртуулагч хүүхэн эрдэнэ болгожээ. Галдан, Цэцэнг устгаад Зодовыг Хөх нуурын зүг зугтаалган өөрийн холбоотон агсан Алдар хошуучийг 1671 онд, Данзанг 1673 онд өөртөө нэгтгэн (газар нутаг харъяат ардын нь хамт) авмагц Хадам аав Очирт Сэцэн, авга ах Цөкүр нь Галдангаас болгоомжлохдоо түүнийг айлган сүрдүүлэх зорилгоор Галдангийн захиргаанд орсон зарим аймгийг довтлон булаан авчээ. 1675 онд хадам аав түүний хүү Лувсангомборавдан нар шинээр хуйвалдаан зохион байгуулж байгааг Галдан мэдэж өрсөн цохилт өгсөнд Очирт Сэцэн, Жултаст (Казахт) зугтахад хөөн барьж аваад Бортал гэдэг газар гөрөөчний хоёр отгийг захируулан суулгажээ. (Очирт Сэцэн 1680 онд нас барсан) Нөгөө авга ах нь Цөкурийг 1676 онд бут цохисноор Ойрадын газар нутаг олон аймаг Галдангийн мэдэлд орж тэрээр 1676 онд Ойрадын хаан ширээнд суужээ. 1679 онд Галдан хаанд Далай лам Бошигт цол хайрласан. XVI зууны эхэнд Ойрадын 40 хошуу нь 2 гар болж хуваагджээ. Чорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошууд Зүүнгар Ойрад болдог байв. Баруун гарын олонхи нь гадагш нүүгээд Зүүнгарынхан нь нутагтаа үлдсэн учраас Галдан улсаа Зүүнгарын хаант улс гэж нэрлэв. (Өмнөх түүх бичлэгт Зүүнгарыг Эрдэнэбаатар хунтайж байгуулсан гэж бичсэн байдаг). Галдан Зүүнгарын засаг захиргааны хуучин зохион байгуулалт болох хошуудыг эвдэж, хааны харьяатыг гал голомт гэсэн утгаар "отог", ноёдын харьяатыг "анги" гэдэг боллоо. Энэ нь ноёдын эрх мэдэл, эдийн засгийн хүчийг хязгаарласан арга хэмжээ байв. Галдан “захиа зарлиг” гаргаж засаг захиргаа хот айл, арван, хорин, дөчин отог гэж хувааж харьяат ардууд нэг отгоос нөгөөд дураараа шилжихийг зогсоов. Отгийн захирагчийг “Зайсан”, Дөчиний захирагчийг “Дэмч” гэдэг байв. Зарга шүүх, маргаан таслах явдлыг чангатгажээ. Зарга буруу хагалбал, зарчийг огцруулдаг болгов. 1654 оноос өмнөх буюу эцгийн үеийн өр төлбөрийг хүчингүй болгов. Галдан Зүүнгарт анх удаа зоос цутгуулсан юм. Бурхны шашны сүм хийдүүдийн жас байгуулсан юм. Оргодол босгуул этгээдийг барьж өгсөн хүнд түүний мал хөрөнгөөс урамшуулал болгон өгөх журам тогтоосон байна. Галдан Тод, Дөрвөлжин, Түвд үсэгтэй алтан тамга гуравтай байжээ. Хаанаас дооших албаны хүмүүст мөнгө, зэс, төмөр, цагаан тугалган тамга өгч зиндаалдаг болсон байна. Ногоон буюу Алаг өнгөтэй туг хэрэглэж байв. Галдан Манж гүрэнтэй хөрш улсын хувьд худалдаа хийж эрх тэгш харилцаж байх хүсэлт тавьж байсан боловч Энх-Амгалан хаан Өөлд аймаг (Ойрадыг хэлж байна)-т Очирт хан, Аблай ноён, Галдан тайж гэж л байсан, ер бошигт хаан гэж явсан газаргүй хэмээн Галданг ихэд дорд үзсэн хариу өгч байжээ. Гэвч Галдан Бээжинд ирж жил бүр элч илгээж олон мянган хасгаар өргөн хэрэглээний зүйлээ тээвэрлэж авдаг байв. Гэтэл 1683 онд Манж нар Ойрадын 200-гаас илүү хүнтэй элчийг цагаан хэрмийн хаалгаар оруулахыг хориглов. Галдан Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж худалдааны замд ноёрхох, цэрэг зэвсгийн чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Зүүнгарт амьдарч агсан Орос, Швед гаралтай уран дархануудаар галт зэвсэг, хуяг, дуулга, жад, илд хийлгэж Буучин отгийг 1000 өрхтэйгээр байгуулжээ.
Эмгэнэлт төгсгөл
Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийдэн, 1 сая илүү тоологдож байсан хүн амтай байсан тус хаант улсын баатарлаг ард тvмнийг дэлхийд томоохонд тооцогдох, хүн тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт бузар-яргалалаар (геноцид) үгүй хийж, толгой дараалан хядсанаас огт хүнгүй газар болсон ба хожим дагаар орсон Уйгар,Казах,Киргизүүдэд шагнан олгосон ба амьд үлдсэн цөөн ойрад-монгол хүмүүс Ижил мөрөн дэх торгууд-халимагууд руу зугтан очжээ. Энэ үеийн түүхээс эхлэн Хятадууд энэхүү бүс нутггийг өөрийн газар хэмээн зүтгэх болжээ. Уг шалтгаан нь Хятадын эртний Күнзийн үзэл баримтлалаар нарт тэнгэр доорхи Нангиад хүний хөл хүрсэн газар болгон (аянчид, элч төлөөлөгч, худалдаачид) Дундад улсынх байх ёстой гэсэн атгаг санаанаас үүдэлтэй юм. Тэрхүү шившигт гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд хижиг, тахал дэлгэрч хүн ам нь хиарсан гэж Манжийн түүхчид бичиж үлдээснийг Хятадын эдүгээ цагийн түүхчид тодорхой зорилгын үүднээс энэ хэсгийн бусад хэл дээрхи хэсэгт оруулсан байгааг уншигч та бүхэн анхаараарай.
No comments:
Post a Comment